Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Хөнгөн хүнсний үйлдвэр
Хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн цагаас үндэсний боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд улсаас ихээхэн анхаарч байсны үрээр мэргэжлийн гэгдэх салбарын бүхэл бүтэн армийг бүрдүүлж чаджээ.
Дэлхийн дайны сүүдрээс үүссэн үлэмж хохирлыг даван туулж хөгжлийн хоцрогдлыг арилгах, сэргээн босголтын их хөдөлмөр өрнөсөн дөч, тавин онд Улаанбаатарын ноос угаах болон шүдэнзний үйлдвэр, спирт, пивоны заводыг шинээр байгуулж, Алтанбулагийн булигаар, Ерөөгийн модны завод зэргийг өргөтгөн шинэчилсний дээр Улаанбаатарын мах комбинатыг 1943 онд барьж эхлэн 1946 онд ашиглалтад оруулсан байна.
Түүнчлэн Үслэг эдлэлийн үйлдвэр, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Талх, чихрийн комбинат, Сүүний үйлдвэр, хуурай сүү, сав баглаа боодлын цехийг Улаанбаатар хотод, зарим сум, суурин газрууд, нийслэлийн дүүргүүдэд талх, боов, ундаа, хиам, үйлдвэрлэх жижиг цехүүдийг байгуулсан байна.
Мөн Улаанбаатарын Хивсний үйлдвэр, Ноосон нэхмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн нэгдүгээр үйлдвэр, Улаанбаатар мах, консервийн болон Зүүнхараагийн хүнсний комбинат, Талхны нэгдүгээр үйлдвэр, Гурилын зарим үйлдвэрийн өргөтгөл болон хуучин сүүний үйлдвэрийг Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр болгох техникийн шинэчлэлт, Архи, пивоны комбинатын ундааны шугам, сүү хүлээн авах тасгуудын тоног төхөөрөмжийг солих зэргээр техник-технологийн ихээхэн ажил хийгджээ.