Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын
гол удирдагчдын нэг, төрийн сайд
Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат. Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ. Оргон зайлж Говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдарсны дараагаар 1910 оны үед Хүрээнд ирж, наймаа эрхлэх болжээ. 1915-1916 онд Монгол улсын Хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан Эдийн засгийн шинжилгээний ангид оролцож, 1916-1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр ажиллаж байв.
Хүрээний бүлгийг үүсгэн байгуулагч. 1921 оны 6 сарын сүүлээр ЗОУ-д одох анхны төлөөлөгчөөр Х.Чойбалсангийн хамт явж, АДБНУ-ын удирдлага, ОК(б)Н-ын Сибирийн товчоотой хийсэн уулзалтуудад МАН-ыг төлөөлж, Зөвлөлт засгийн газраас санхүү, зэвсгийн тусламж авах асуудлыг Москвад тохиролцон шийдсэн. МАН-ын Хилийн чанад дахь товчоог удирдаж, 1921 оны 3 сарын 3-нд Төв Хорооны даргаар сонгогдсон. 1921-1923 онд Сангийн яамны тэргүүн сайд, зөвлөх түшмэл, УТЦХ-ын дарга, 1923-1924 онд Бүх цэргийн жанжны албыг хашиж, улс орны тусгаар байдлыг бэхжүүлэх, АЗГ-ын дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцсон шинэ Монголын удирдагчдын нэг.
Монгол Улсын бие даасан байдал, үндэсний хөгжлийн замын үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцэж байсан С.Данзанг МАН-ын III их хурлын үеэр 1924 оны 8 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Д.Ринчиногийн заавраар Дотоодыг хамгаалах газар баривчилж, 28-нд МАН-ын их хурал, Засгийн газрын хамтарсан хурлаас “...бүх хэргийг 24 цагийн дотор нягтлан байцааж, ял төлөвлөн гүйцэтгэх” үүрэгтэй тусгай комиссыг байгуулан шүүхийн шийдвэргүйгээр “хувьсгалын эсэргүү” хилс хэрэгт яллаж 30-ны үүрээр амь насыг егүүтгэжээ.
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар. Ардын цэргийг
үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг
Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны харьяат. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт өртөөнд улаа нэхэж байв. 1911 оны 12 дугаар сард цэрэгт татагдаж, Хужирбулангийн цэргийн бага дарга бэлтгэх сургуульд орж суралцан 1913 онд төгсөж пулемёт сумангийн жагсаалын даргаар томилогдон ажиллажээ.
Хүрээний бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж гуйхаар одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явсан. Х.Чойбалсангийн хамтаар Эрхүү хотноо Дорно дахины ард түмний секцид харьяалагдан хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны 2 дугаар сарын 9-нд Бүгд Ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, зэвсэгт хүчийг байгуулж, Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдсан. 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд томилогдон улс орны аюулгүй байдлыг хангах, үндэсний байнгын цэрэг байгуулах үйл хэргийг удирдсан.
Улс үндэстний хувь заяаг шийдвэрлэсэн дайн байлдааны цагт Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд, алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч, шудрага байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар, шинэ Монгол улсын эхэн үеийн гол удирдагчдын нэг болгожээ.