Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Манжийн эрхшээл
Манж нар Монголыг эзэлсний дараа засаг захиргааны нэгж болох хошуудыг байгуулж, тэдгээр хошууд нь тухайн аймгийнхаа чуулганд харьяалагдан, чуулган нь гурван жилд нэг удаа хуралдаж аливаа хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэж байхаар тогтоожээ.
Хошууг ноён захирах бөгөөд зөвхөн өөрийн мэдлийн газрыг Манжийн тогтоосон хуулийн хүрээнд хариуцдаг байв. Хошууны дотор сум хэмээх нэгж байсан бөгөөд нэг сумыг 150 эр гаргахаар тооцож байгуулж байжээ.
Манжийн хаанаас тусгайлан тамга авч шавь, аймаг захирах эрхтэй шашны хутагтууд нэлээд олон байсан бөгөөд өөрийн гэсэн отог захирч, хэрэгцээний бүх зүйлээ отгоос гаргуулан авах эрхтэйгээр улсын чанартай албан татвараас чөлөөлөгддөг байжээ.
Манжийн алба татвар нь Монголчуудын амьдралыг доройтуулах гол хүчин зүйл болж, тэрхүү алба татварыг эд хөрөнгөөр болон биеийн хүчээр гүйцэлдүүлдэг байв. Эрчүүд цэрэгт явах, өртөө харуулд гэр бүлийн хамтаар дайчлагдан суух, Манжийн хааны мал сүргийг хариулах, Манжийн засаг захиргааны зардлыг гаргах зэрэг олон алба татварыг Монголчууд үүрч байв.