Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Богд хааны төрийн хаш тамга
Уг тамгыг хар гарт Лувсангомбо эртний Монгол хаад хас боу-бай хэмээх хаш тамгатай байсныг уламжлал болгон 5 кг цагаан хашаар сийлж Богдод өргөжээ.
Норов бариултай, цагаан боронзон өнгөтэй эл тамган дээрх үгийг эртний Монгол төрийн бэлгэдлийг сэргээн соёмбо, дөрвөлжин үсгээр бичсэн байна.
Дөрвөлжин үсэг нь Хубилай сэцэн хааны адилаар шашин төрийг хослон барьж лам харын засгийг нэгтгэн явуулж буйг, Соёмбо үсэг нь Анхдугаар Богдоос хойш Наймдугаар Богдын үед Монгол тусгаар тогтносон улс болсныг бэлгэднэ.
Тамганы төв хэсэгт уйгаржин Монгол бичгээр: “Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны тамга” гэж бичжээ.
Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 онд тогтсон Монгол Улсын Засгийн газраас боловсруулан гаргасан Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль Зүйн бичигт: Аливаа тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах, өргөмжлөл, жуух шар торгоны бичигт дарж хэрэглэнэ хэмээжээ.
Богд хаан зарлиг буулган хар гарт Лувсангомбод сар бүр 30 лангийн цалин олгож байхаар шийдвэрлэжээ.
Эдүгээ тамганы эх хувь нь Монгол улсын эрдэнэсийн санд хадгалагддаг. Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор Богд хааны төрийн хаш тамгыг хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэсэн.